Шумуул

shumuulnii tos

Тархалт , амьдрах орчин :

Хүний ахуй орчинд амьдарч , цус сорон хооллож улмаар халдварт өвчин дамжуулагч ахуйн хортон шавжийн нэг бол манай орны төв суурин газарын орон байрт өргөн тархсан шумуул юм . Хүн эмнэлгийн хор холбогдол бүхий 3 төрлийн шумуул байдаг .

Анофелес төрлийн шумуул Зүүн өмнөд Ази , Африк , Айдес төрлийн шумуул Ази , Африк , Америк тивийн халуун бүс нутгаар , Кулексийн төрлийн шумуул дэлхий даяар өргөн тархсан . Анофелесийн төрөлд 380-400 зүйл , кулексийн төрөлд 550 зүйл , айдесийн төрөлд 950 зүйлээс бүрдэнэ.

 Монгол орны 23 гол , 6 нуурын сав газарт 4 төрөлд хамрагдах 2 зүйлийн шумуул байгаагаас халуун хумхаа өвчнийг дамжуулагч ( зөөвөрлөгч ) 2 зүйлийн шумуул Anoph eles macculpennis , Anopheles hypcanus , хулгана тахал өвчний зөөвөрлөгч Aedes caspius , Aedes cinereus , Culex modestus тус тус байдаг. Анофелесийн төрлийн шумуул голын арал , бургас , нарсны цоорхойн наран ээвэр өвс , зэгс бухий гүехэн тогтуун усанд байдаг . Анофелесийн төрлийн шумуул Монгол улсад нилээд өргөн тархсан , халдвар судлалын хор холбогдол бүхий шумуул юм . Айдесийн төрлийн шумуул их , бага голуудын дагуу бий болсон намаг , тогтонги усанд ихэвчлэн дангаараа ховор тохиолдолд голын арлуудад байгаа тогтсон усанд анофелесийн төрөлтэй хамт байдаг онцлог шинжтэйг судлаачид тогтоожээ . Кулексийн төрлийн шумуул голын хөдөө хээрийн намаг , бургастай , зэгстэй , тогтонги , гүехэн усанд дангаараа , заримдаа анофелесийн төрөлтэй хамт тохиолдоно.

Гадаад бүтэц :

 Бие гүйцсэн шумуул урт нарийхан биетэй 3.5мм – ээс 1 см урт биетэй , бие нь толгой , цээж , хэвлийн гэсэн 3 хэсгээс тогтсон . Бие нь тачирхан үслэгтэй . Нэг хос далавч , сахалтай , 3 хос хөлтөй . Тайван сууж байгаа үедээ хошуу бие хоёрын байрлал өөр хоорондоо өнцөг үүсгэнэ . Толгойн хэсэгт том хос зүймэл нүд , урт сахал , хатгаж сорох амны аппараттай байна . Эм шумуул цусаар хооллодог учир амны аппарат хатгаж , сорох бүтэцтэй , хошуу нь доод уруул , зүү хэлбэрийн хос дээд эрүү , хурц үзүүртэй нарийн илтэснээс тогтдог . Хошууны хажуу талаар 5 үечлэлтэй доод эрүүний тэмтрүүлүүд байдаг . Тэмтрүүлийн уртын хэмжээ , хошуу , цээжний щиток ( сэртэн ) , далавч , сахлын бүтцийн онцлогоор халуун хумхаа өвчнийг тараагч анофелес бусад төрлийн шумуулуудыг ялган тодорхойлдог .  Айдесийн төрлийн шумуулын далавч захаараа хайрс , үслэгээр бүрхэгдсэн байдаг . Хөл 5 үеэс тогтох бөгөөд сарвууны төгсгөлд хос хумсанцар байдаг нь шумуулын төрөл зүйлийг тогтооход ач холбогдолтой . Цээжний дунд үед 4 бараан толбо бүхий тунгалаг хос далавчтай . Далавчны толбо нь кулекс төрлийн шумуулын нэг онцлог юм . Анофелес төрлийн шумуулд ийм толбо байдаггүй . Нэг төрлийн шумуулыг нөгөө төрлөөс ялгах онцлог шинж бие гүйцсэн шумуулд тодорхой ажиглагдана . Тухайлбал анофелес төрлийн шумуул хэвлийгээрээ хавтгай гадаргуу дээр өнцөг үүсгэн байрладаг.

Шумуулын дотоод бүтэц :

Шумуулын хоол боловсруулах систем нь хатгаж , сорох амны аппарат , шүлсний булчирхай , залгиур , нарийнхан улаан хоолой , дунд гэдэс ( хоол тэжээл энэ хэсэгт бүрэн боловсорч шимэгдэнэ ) , бүдүүн гэдэс , шулуун гэдэс гэсэн хэсгүүдээс бүрдэнэ . Өөхлөг бие шим тэжээлийн бодисын хуримтлалыг бий болгох бөгөөд шумуул тайван байдал диапаузид орох үед ашиглагдана . Амьсгалын систем нь цээжний 2 хос , хэвлийн 6 хос амьсгалууртай байдаг . Цээжний амьсгалын сувний хэмжээ нь оршин байгаа нөхцөл өөрөөр хэлбэл хуурай , чийглэг уур амьсгалаас хамаарч том , жижиг байдаг онцлогтой ( Дербеневой – Уховой , 1974 ) . Шумуулын ялгаруулах эрхтэн нь мальпигиевийн судас юм . Цусны систем нь цээжний булчинлаг агшигч зангилаа , хэвлийн 2-7 камер ( тасалгаа ) -аас тогтоно . Мэдрэлийн систем нь төв мэдрэлийн систем , толгойн зангилаа , залгиурын доорх зангилаа , хэвлийн мэдрэлийн гинжнээс тогтоно . Бэлгийн ( эвслийн ) систем нь эр шумуулд хос үрэвч , үр дамжуулагч хоолой , үрийн булчирхай , үр гадагшлуулагч хос биш сувгаас тогтоно . Эм шумуулын бэлгийн систем нь хос өндгөвч , умай , өндөгний хоолойноос бүрдэнэ .

Үржил , бойжилт , амьдралын онцлог

Шумуулын амьпралын эргэлт нь / хөгжлийн шат/  өндөг , авгалдай , хүүхэлдэйн шатыг дамжин бие гүйцсэн  шумуул болох замаар хувирч явагдана . Өндөг , авгалдай , хүүхэлдэйн шатны бойжилт нь зөвхөн усан орчинд явагдана . Кулекс төрлийн шумуул гол төлөв бохир усны гадаргууд зуувандуу хэлбэртэй өндгөө багцаар нь шахдаг . Авгалдай усны гадаргуутай өнцөг үүсгэж налуу байрлах бөгөөд урт нарийнхан агаарын цорготой байна . Авгалдайн хөгжлийн 1 шатанд арьсаар , II – IV шатанд трахейн гуурсаар амьсгална ( Лярский , 1980 ) . Тохиромжтой нөхцөлд бойжилт нь 9-15 хоногт бүрэн явагдана . Үдшийн бүрийгээс үүр цайтал идэвхтэй нисэж хоол тэжээл хайна . Шумуул амьдралын нөхцлийн хувьд хүний орон сууц , янз бүрийн барилга байгууламжийн харанхуй өнцөг , булан , өтгөн ногоо , бут , сөөг , ус , цөөрмийн ойролцоо , мод хадны ангал зэрэг нар үзэхгүй газар нуугдан амьдардаг . Өндгөө үдэш , шөнийн цагт цэнгэг , тогтмол усны гадаргууд гаргадаг . Ихэнх шумуулууд өндгөө усны ургамалд наалдуулж бэхэлдэг байхад , анофелес төрлийн шумуул өндгөө усанд тарааж цацдаг ( Дербеневой – уховой , 1974 ) . Өндөг хийн ууттай тул усны гадаргууд хөвж 2-14 хоногийн дотор авгалдай болж хөгждөг . Анофелес төрлийн шумуулын өндөгний хөгжил усны температураас ихээхэн хамааралтай бөгөөд 10-12 ° С – д 8 өдөр , 27-29 ° С – д 46 цаг болдог . Авгалдайн толгой , цээж , хэвлий нь тод ялгагдах ба үсэнцэр хялгасан бүрхүүлээр гадуураа хучигдсан , арьс , заламгайн гэсэн 2 хэлбэрээр амьсгалдаг . Авгалдай усны амьд биесээр хооллодог . Анофелесийн авгалдайн оптималь температур нь 25-30 ° С юм . Анофелесийн авгалдайн хэвлий 9 үетэй байдаг бол бие гүйцсэн шумуулын хэвлий 10 үетэй байдаг . Авгалдай 4 удаа гуужсны дараа хүүхэлдэй болж хувирдаг . Хүүхэлдэйн толгой дугариг , сүүл нарийн , таслал хэлбэртэй . Хүний орон байранд цус сорогч эм шумуул ихэвчлэн харанхуй бүрийд орж ирдэг . Шумуулын үнэрлэх эрхтэн сайн хөгжсөн тул хүн , амьтны үнэрийг нэлээн хол зайнаас мэдрэх чадвартай болсон . Шумуулд цус амьдралын зайлшгүй чухал хэрэгцээтэй идэш тэжээл болдог . Цус сорж хооллоогүй шумуулд өндөгний хөгжил явагдахгүй учир эм шумуул үр тогтсоны дараа шууд цус сорж эхэлдэг . Эм шумуул 0.5-2 минутын турш биеийн жингээсээ илүү хэмжээтэй ойролжоогоор 3мл цус сорж харанхуй газар нисэн очиж , тэндээ хоолоо шингээж , өндгөө жингээсээ илүү хэмжээтэй ойролцоогоор 3 мл цус сорж боловсортол 2-12 хоногийн турш хөдөлгөөнгүй байдаг . Хавар , зуны улиралд зөвхөн 1 удаа цус сорсны дараа эм шумуулын биед өндөг хөгжиж эхэлдэг . Харин намар сорсон цус өөхлөг бие хуримтлуулахад зарцуулагдах учир өндөгний хөгжил явагдахгүй онцлогтой .

Ахуйн шумуулын хор холбогдол

            Зөвхөн эмэгчин шумуул хүний цус сорж хооллоно . Цус их хэмжээтэй сорохын хэрээр өндөг боловсрох хугацаа богиносдог онцлогтой . Шумуулд хазуулсан орчин улайж хавдана , маш их загатнана . Их маажиснаас болж үрэвсэж , халдвар дамжих нөхцөл бүрдэнэ . Шумуул хүний гадаад шимэгч бөгөөд олон т өрлийн өвчнийг дамжуулагч дамжуулдаг . Шумуул вирус , бактер ; шимэгч зэрэг 50 орчим өвчнийг зөөвөрлөж , дамжуулдаг болохыг тогтоожээ . Анофелес төрлийн шумуул дэлхийн бөмбөрцөг дээр маш өргөн тархаж асар олон хүнийг хамарсан халуун хумхаа өвчнийг үүсгэдэг . Харин бусад төрлийн шумуулууд японы тархины үрэвсэл , сибирийн яр , хулгана тахал , денгийн цусархаг халууралт , шар чичрэг , эболагийн цусархаг халуурапт , боом зэрэг өвчин үүсгэгчдийг дамжуулдаг ( Шванвич , 1949 , John Hull Grundy , 1981 ) . Денгийн халдвар Aedes aegypti зүйлийн шумуулаар дамждаг . 1897 онд нэрт эрдэмтэн Р.Росс хумхаа өвчний үүсгэгчийг анофелесийн төрлийн шумуул дамжуулдгийг тогтоожээ . Сэрүүн уур амьсгалтай орнуудад хумхаа голомтлог байдлаар гарахаа больсон ч олонхи халуун оронд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна . Хумхаа өвчний үүсгэгчийг дамжуулагч зүйл бол Anoph eles macculpennis юм . Эм шумуул хумхаа өвчинг үүсгэгч байгаа шимэгчтэй цусыг сорсон тохиолдолд шумуулын ходоодонд эр , эм бэлгийн эсүүд нийлж хэдэн мянган спорийг үүсгэнэ . Эдгээр спорууд нь шумуулын эд эрхтэнээр дамжин шүлсний булчирхайд очдог . Хүний биеэд орсон споразиот нь элэгний эсэд нэвтрэн улмаар улаан эсэд орж үрждэг . Агаарын хэм  22 ° С – аас багагүй байгаа нөхцөлд вирус шумуулын биед сайн үрждэг ( Шинээр гарч байгаа болон дахин сэргэн тархаж байгаа халдварт өвчний тархвар судлал , оношлогоо , эмчилгээ , урьдчилан сэргийлэлт , 2004 ) .

         Үе хөлтөнтэй экологийн холбоотой 500 орчим арбовирус ( arthropod borne virus ) мэдэгдэж байгаагаас 100 гаруй нь хүн , амьтанд цочмог халдварт өвчин үүсгэдэг . ЗӨСҮТ – өөс 2014 онд Сэлэнгэ аймгийн нутгаас цуглуулсан шумуулаас Баруун нилийн чичрэг , Япон энцефалит өвчний вирүсийн ген ; 2015 онд Дорнод аймгийн нутгаас цуглуулсан шумуулаас Баруун нилийн чичрэг , Денге өвчний вирусын ген тодорхойлогдсон . Дэлхий дахиныг цочроож байгаа арбовирусын халдварыг тараагч Ае des төрлийн шумуул Улаанбаатар хотын орон байрт тархсан явдал , Монгол орны гол мөрөн , усан сангийн сав газарт хумхаа , шар чичрэг зэрэг аюулт өвчний үүсгэгчийг дамжуулдаг умуулын төрөл зүйлүүд тархсан байгаа тул цаашид Улаанбаатар хотын орон байрт тархсан шумуулын биологи , экологи , хор хөнөөлийг тодотгох судалгааг нарийвчлан хийх шаардлагатай байна .

Шумуултай тэмцэх , арга ажиллагаа , урьдчилан сэргийлэх :

Ахуйн нөхцөлд : шумуулаас урьдчилан сэргийлэхдээ байр орон сууцандаа , ялангуяа нийтийн эзэмшлийн талбай , подваль , хонгилыг усны алдагдалгүй хуурай байлгах хэрэгтэй . Ер нь Судалгааны ажиглалтаас үзэхэд шумуулын биологи хөгжилд зайлшгүй усан орчин шаардагдах бөгөөд тэр нь заавал их хэмжээтэй усан сан байдаггүйг анхаарах шаардлагатай . Зуны улиралд багахан хэмжээний ус , машины хаягдсан дугуйнд агуулагдах ус шумуулын үржил , хөгжилд хангалттай байдагийг тогтоосон байдаг . Мөн борооны ус тогтох бололцоотой хэрэггүй сав суулга , хотгор газрыг тэгшлэх , ус дамжуулах юмуу үерийн даланг байнга цэвэрхэн байлгах , ус хадгалдаг сав , суулгыг үргэлж тагтай байлгаж хэвших хэрэгтэй . Орон байрны хаалга , цонх , салхивчиндаа шумуул орохоос хамгаалсан нарийн торон хаалт хийх хэрэгтэй . Хаалтгүй цонхны салхивчийг оройн цагаар онгойлгохгүй байх ёстой . Нийгэм , иргэдээс авах арга хэмжээнд авгалдайг устгах , тогтмол ус , намаг дээр мазут , керосин зэрэг нефтийн бүтээгдэхүүнийг хийж шумуулын авгалдай , хүүхэлдэйн амьсгалыг саатуулж , үржих боломжийг таслах , нуур намгийг хатаах зэрэг багтдаг . Үр дүнтэй дайжуулагч нь диэтилтолуамид юм ( Монгол улсын стандарт , 2003 ) . Хумхаа өвчин нь цус юүлэх буюу тариа хийхэд халдварлагдсан зүү , тариураар дамжиж болдогийг анхаарах хэрэгтэй ( Монгол улсын стандарт , 2003 ) .

 Шумуулыг устгах арга ажиллагаа :

Шумуул ихээр тархсан хүн амыг шумуулаас хамгаалах үндсэн 4 чиглэл байдаг . Үүнд :

  1. Шавж устгалын хор шингээсэн тор ( хүүхэд, том хүнийг шөнө унтаж байхад хамгаалдаг)
  2. Байшингийн цонх , хаалганд сайн таглагддаг таглаа халхавч хийх
  3. Үргээгч бодис хэрэглэх ( арьсандаа крем , TOC , хувцасандаа шингээж хэрэглэх )
  4. Байшин , саравчны шумуулыг манан хэлбэрийн хороор устгах зэрэг болно