БЯСАА

ҮРЖИЛ БОЙЖИЛ, АМЬДРАЛЫН ОНЦЛОГ

Бясаа шөнийн амьдралын идэвхтэй. Бясаа нь өндөг, авгалдайн шатыг дамжиж бие гүйцдэг. Бие гүйцсэн эм бясаа 2 ХОНОГ тутамд өндөглөдөг бөгөөд 1 УДАА 2-12 ӨНДӨГ ТӨРҮҮЛНЭ. Харин амьдралынхаа туршид эм бясаа 75-500 өндөг гаргана. Бясаа маш түргэн үржин хөгжинө. Өндөг нь цайвар өнгөтэй, зуйван хэлбэртэй, нэг үзүүр хавтгай байх бөгөөд 1 мм орчим урт хэмжээтэй. Өндөгнөөс 15-29 хоногийн дараа авгалдайн хөгжилд шилжинэ. Орны нугас, модон эдлэл, тавилганы углуурганы зай завсар, ханын хуурсан цаасны ар талд өндөгөө гаргадаг. Өндөг ердийн нөхцөлд 6-10 хоногийн дотор авгалдайн шатанд шилжинэ. Авгалдайн хэвэл дугуй хэлбэртэй, бэлгийн гадаад эрхтэн байхгүй, хоёр үе бүхий савартай байдгаараа бие гүйцсэн бясаанаас ялгагдана. Авгалдай нь 25-28 хоногийн дотор 5 удаа гуужаад бие гүйцнэ. Гуужилт бүрийн өмнө цус сорж хооллоно. Өндөгнөөс авгалдай гарч өсөж хөгжих бөгөөд энэ үед дулаан их нөлөөтэй учир 35-37 градусын хэмд 4-7 өдөр, 25-30 градусын хэмд 28 өдөр хөгжил нь үргэлжилнэ. Бие гүйцээд жил гаруй амьдарна. Бясаа зөвхөн бүлээн цуст амьтны болон тэр тусмаа хүний цус сорж амьдарна. 1 удаад 10-15 минут цус сорно. Орчиндоо бүлээн цуст амьтан байгааг 10 см зайнаас мэдэрч хүрч очдог. Цус сорохын тулд өргөс шиг хатуу хошуугаа хүний биенд хатгаж, цус шингэрүүлдэг шингэн бодисын хүний биенд шахна. Ийнхүү шингэрсэн цусыг сорж авна. Нэг удаад 7 мл цус сорно. Цусыг сорж дуустал бясааны хатгсан газар хорсох, загатнах мэдрэгдэхгүй. Цус сорж дуусаад хошуугаа хүний биеэс сугалж авмагц хүчтэй загатнаж эхэлдэг. Тэр үед бясаа хүний биеэс нэгэнт холдсон байдаг.

Бясаа байгааг хэрхэн мэдэх вэ?
  • Жижиг хар толбонууд
  • Тааламжгүй, эхүүн үнэр
  • Амьд бясаа, түүний гуужсан арьс
  • Цусны толбо
Хаана амьдардаг вэ?
  • Орны арын жаазны ард
  • Гудасны оёдол
  • Хивс дэвсгэр
  • Шалны завсар, границ
  • Хууларсан обой, зурагны ард
  • Ханын завсар
  • Хаалга, цонхны хүрээ
  • Мебель, зураг толины ард

Байнга амьдардаг газрыг нь түүний авгалдай гуужсан хар юмуу хүрэн өнгийн арьсаар амархан илрүүлж болно. Жижиг жижиг хар толботой бол бясаа байгаагийн шинж гэж үздэг. Бясаа нэг сууцнаас нөгөө рүү ус дамжуулах дулааны хоолой болон янз бүрийн жижиг нүх сүвээр хялбархан дамжин тархдаг. Түүнчлэн хуучин хувцас, мебель болон бусад зүйлээр дамжин тархана. Бие гүйцсэн бясаа 1 жил гаруй, авгалдай нь сар орчмын хугацаагаар өлсгөлөнг тэсвэрлэнэ. Тогтмол хоолтой нөхцөлд 14 сар амьдарна.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Сууцны бясаатай тэмцэхийн тулд ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээг авч байх хэрэгтэй. Хананы хуурсан цаасыг тухай бүр нь нааж байх шаардлагатай. Мөн орон сууцны хана, шал, модон орны зай завсрыг битүүлэх, орны гудас, матрасны уранхай, цоорхойг битүүлэх хэрэгтэй. Гэр ахуйн тавилга шинээр авах, зөөвөрлөх, цаасан хайрцагтай зүйлсийг гэртээ оруулахаас өмнө урьдчилан шалгах хэрэгтэй. Гэр орноо цэвэр, цэмцгэр байлгах нь сууцны бясаанаас урьдчилан сэргийлэх арга юм.

ХОР ХӨНӨӨЛ

Эрдэмтэд бясааны биенээс сүрьеэ, эсэргэнэт хижиг, эргэх хижиг, тахал, цэцэг өвчин, хулгана тахал, уяман, боом зэрэг олон төрлийн аюулт халдварт өвчин үүсгэгчийг олж илрүүлжээ. Зарим эрдэмтэд бясааг вируст шар өвчинг хүнд халдаадаг гэж үздэг. Үүнээс үзэхэд бясаа халдварт өвчний нянгуудыг биедээ агуулж, үржих боломжийг нөхцөлдүүлдэг аюултай ахуйн хортон шавьж юм.